Байгалийн дурсгалт газрууд
2024-01-30 10:51:12,   466

       Даян дээрхийн агуй - Эрт урьд цагт эзэн Чингис хаан аян дайнд явж ирээд их найр хийж гэнэ. Тэр найранд их хөвчөөр нутагтай, Даян дээрх нэртэй баатар эр оролцож, эзэн хааны бага хатны үзэсгэлэнтэй сайхныг бишрэн харж байгаад, найр наадам хэвийх үед бага хатныг аван зугтжээ. Хаан наадам дээрээс бага хатныг аван зугтсаныг мэдээд араас нь хөөжээ. Ой хөвчөөр дамжин зугтаж гүйцэгдэхийн үед хатныг нэгэн агуйд нууж, Даяндээрхи өөрөө эгэлгүй нэгэн шидтэн байсан тул агуйн үүдэнд улаан чулуу болон хувирчээ. Чингис хаанд гүйцэгдэхийн үед Даян дээрхи зэлээ хаясан газрыг нь Зэлтэр, эрхээ хаясан газрыг нь Эрэн, таваа хаясан газрыг нь Тавт, аягаа хаясан газрыг нь Архан, бугуйвчаа хаясан газрыг нь Бургалтай, завхайгаа (наадгайн хослох мод᠎) хаясан газрыг нь Зад, зэвсгээ хаясан газрыг нь Зэрлэг, хонхоо хаясан газрыг Ховчилтой, уургаа хаясан газрыг Уйлган гэж нэрлэсэн домогтой бөгөөд үнэхээр ийм нэртэй газар Эрдэнэбулган сумын нутагт одоо ч бий билээ. Чингис хаан гүйцэж очоод уурандаа тэрхүү улаан чуулууг цавчсан боловч сэлэмний ир нь хальтарч далиу цавчигдан хүн малд гарз, гарч аргаггүй эрхэнд Даян дээрх дийлдэгдсэн гэдэг. Даян дээрхийн авралд багтсан хэн бүхэн гурван жилдээ барцад, нүгэлээ гөвж ивээлд нь орших уул, ус галав юүлсэн ч хэвээрээ үлдэх ерөөлтэй гэдэг.

    Даян дээрхийн хүрээ- Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн нутаг Молхийн дэнж, үүрийн голын захад Даян дээрхийн хүрээ хийд нь Харуул нутгийн шашны эртнээс бөө мөргөлийн гол төв байсан. 17-18  дугаар зууны дунд үед  10 орчим орчим дацантай 1000 орчим ламтай халхад нэртэй уран хийцтэй гоёмсог хийд байсан. Даян дээрхийн гол шүтээний тухай нэгэн домог ард түмний дунд яригдсаар байдаг. Чингис хааны алтан ургийн нэгэн гүнжийг Цагаан-Үүрийн бөө нар хулгайлан зугтжээ. Чингисийн баатар эрс түүний араас нэхэж гүйцэхийн даваанд өнөөх гүнжийг удган мод болгожээ. Баатар эрс уур хилэндээ шатаж, хүн чулуун хөшөөний хөмсгийг цавчин хаяад нутаг буцсан гэдэг.  Манжийн ноёрхолын үед Эрдэнэбулган, Цагаан-үүр сумын нутагт зургаан харуул суух болсон. Харуулынхан өнөөх хүн чулуун хөшөөг бөөгийн онгон шүтээн гэж тахин шүтэж байжээ. Сайн ноён хан Намнансүрэн Даян дээрхид тусгай элч зарж алт, мөнгө, эд агуурсаар мандал өргүүлэн өөрийн сан хөмрөгөөс зардал гаргуулан тахиулж байсан. 1860 –аад оны эхээр анхан гэр дуган бий болж лам хуваргууд ном хурж эхэлсэн түүхтэй.

           Сандаг цахир - Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум Зэрлэг багийн нутаг Арханы адаг Буурлын голын захад эгц ханан хадтай, содон хясаа бий. Дээр үед Архан задаар нутагтай, олон нялх хүүхэдтэй Сандаг гэдэг анчин эр байжээ. Нэг удаа анчин эр Сандаг ан гөрөө хийхээр Долоон булаг орчимд явж байтал булгийн ууланд нэгэн согоо зогсож байхыг хараад бууджээ. Мань эр хийсэн авахаар ууланд гаран очтол дөнгөж тугалж байсан согоог буудсан байв гэнэ. Сандаг анчин ихэд харуусан нүгэлт би их муу юм хийлээ гэж бодон, туйлын их шаналсаны эцэст зогсож байсан хясаан дээрээс үсэрч амиа хороосон гэдэг. Энэ цагаас уг “Сандаг цахир” хэмээн нэрийдэх болсон гэдэг.

        Долоонбулаг - Буурлын адагруу долоон булаг гэдэг нэгэн сайхан рашаан бий. Энэхүү рашаан нь дотор, бөөр нуруу гэх мэт бүх төрлийн өвчнийг анагаах чадлаараа нэрд гарсан рашаан юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ рашаанд Чандмань өндөр, цагаан үүр, Эрдэнэбулган, Булган  аймгийн тэшиг нутгийн рашаанчид тогтмол очиж элдэв хууч өвчнөө илааршуулах алжаалаа тайлдаг юм. Уг рашааныг дээр үед Дагвуу гэдэг хүн нээж илрүүлсэн гэдэг.

         Дани толгой - Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нэгэн онцлог бол эртнээс гадаад харилцаатай байсан явдал юм.  1725 оны үеэс хөрш зэргэлдээ орос, буриад улстай арилжаа наймаа хийх, зочлох түүнчлэн “Эв модны наадам” хийдэг байсан. Данийн 6 жуулчны судалгааны ажил хийхээр 5 жилийн томилолт өвөрлөн нутгаасаа гаран 8 сар явсаар 1923 оны 11 сарын 18 нд Булган талд анх цастай өвлийн хүйтнийг эс анзааран хүрч ирсэн билээ. Тэр 6 жуулчин бол Хаслунд, Кристенсен, Карл Кревс, Ове Кревс, Ваффало, Брик/Тот/, Эрик Исагер нар байсан. Тэдний амьдарч байсан газрыг “Дани” толгой хэмээн нэрлэсэн.

        Бүргэд толгой - Эгийн голын хөвөөнд “Бүргэд толгой” гэж дурсгалт газар бий. Дээр үед нэгэн бүргэд энэ толгойд идээшлэн явсан сүрэг согооны нэгийг дайрч, нуруун дээрээс нь базсанд энэ толгойд дүүлэн давхижээ. Бүргэд согоос шүүрээд хөөрөхдөө хүчинд татагдаж, модноос нэг хөлөөрөө базан хоёр хэсэг болоод тасар татагдан унажээ. Ийнхүү энэ толгойг “Бүргэд толгой” хэмээн нэрийджээ.

         Эгийн гол -   Монгол орны хамгийн гүн цэнгэг Хөвсгөл нуураас эх аван ХөвсгөлБулган аймгуудын нутгаар урсан Сэлэнгэ мөрөнд зүүн гараас нь цутгадаг гол юм. Уг гол нь Хөвсгөл нуураас эх аван урсдаг цорын ганц гадагш урсгалтай гол юм. Эгийн гол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 332 тоот тушаалаар Хөвсгөл нуур-Эг голын усны сав газарт хамаардаг. Эгийн голын урт нь 475 км, ус хураах савын талбай 40454 хавтгай дөрвөлжин км бөгөөд усны унал нийт уртад 815 м буюу км тутамд 2 м орчим болно. Дундаж хэвгий нь 0,0017%. Эгийн гол ой хөвч бүхий бэсрэг уулс дундуур урсдаг ба 2 талын уулс зарим газарт 100-150 м хүртэл ойртож эгц өндөр хадан хясаатай хавцал үүсгэх тул голын хөндийн төрх байдал маш үзэсгэлэнтэй байдаг. Голын гульдрал эхнээсээ адгаа хүртэл шинэс,нарс, улиас,хайлас, төрөл бүрийн жимсний бут зэрэг үзэсгэлэнт байгалийн тогтоцтой бургасан ой дундуур урсана. Түүний өргөн Үүр голын билчир хүртэл 20-70 м түүнээс доош 50-150 м юм.

             Үүрийн гол -  Монгол улсын хойд хязгаарт Хөвсгөл аймгийн Хэвэн-Салуугийн уулсаас эх аван Цагаан-ҮүрЭрдэнэбулган сумын нутгуудаар нийт 331 км газар урсаж Хөвсгөл нуураас эх авах Эгийн голтой нийлэх бөгөөд цаашид Эгийн гол гэсэн нэрээр 200км урсан Байгал нуурын цутгалд хамаарах Сэлэнгэ мөрөнд цутгана. Усны нийт талбай 12,300 км квадрат. Эг, Үүрийн голуудын сав газар нь тул загас элбэгтэй тул уг голуудыг хамгаалах олон улсын төслүүд хэрэгжиж байгаа болно. Мөн загасчлах сонирхол бүхий жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг.

           Ургамал амьтны аймаг

Сумын нутаг дэвсгэрт шинэс, хус, бургас зонхилно. Гэхдээ ой хөвчийн бүхий л модлог, бутлаг ургамлууд, хуш, нарс, гацуур модны зохих нөөцтэй.
Ойт хээрийн бүсэд амьдардаг 20 гаруй зүйлийн амьтан нутагшин байдаг ч сүүлийн жилүүдэд нийтдээ ховордож, зарим зүйл амьтад устахад хүрч байгаа нь нэн харамсалтай.
Манай нутагт баавгай, хандгай, буга, гахай, гөрөөс, чоно, хүдэр, шилүүс, нохой зээх, үнэг, хярс, дорго, мануул, чандага, туулай, тарвага, хэрэм, жирх, үен, солонго, өмхий хүрэн зэрэг 20 гаруй зүйлийн амьтдаас гадна хур, сойр, ятуу, тоодог зэрэг агнуурын шувууд нутаглана.
Нуур голд хун, галуу, ангир, нугас нүүдэллэн ирэх ба, тас, бүргэд, харцага, шонхор, элээ, хэрээ гээд л талын махчин шувууд элбэг.. Эг, Үүр, Чичин, Зэрлэг, Архан, Буурал зэрэг голуудад тул, зэвэг, гутиар, алгана, цурхай зэрэг загастай.
Мэргэжилтнүүдийн судалснаар тус сумын нутагт хиаг, толгой улалж, улаан толгойт, сөөгт, тал хээрийн бэлчээрт үндэслэг ишт үетэн, дэгнүүлт үетэн, ботууль, агь, ганга, годил өвс, дааган сүүл, засаа өвс, ерхөг, согоовор, хазаар өвс, хялгана, хиаган сүүл, тайжийн жинс, цагаан суль, ямаан сахал гээд бэлчээрийн зүйл зүйлийн ургамал ургаж, яргуй, саадгай цэцэг, тэмээн уруул, цагаан уул гэхчлэн олон төрлийн цэцэг, ургамал алаглана.
Алтан хундага, алтан мөнгөн гагнуур, алтанзул, бамбай, булган таваг, ванжингарав, жамъянмядаг, намуу цэцэг, хөх, шар дэгд, цагаан ягаан цээнэ, тарваган шийр, таван салаа, чонын хэл, нохойн хошуу, сөд зэрэг эмийн болон эмэнд ашиглаж болох 50 гаруй нэрийн ургамал бий.
Эг-Үүр, Чичин, Зэрлэг, Зад, Бургалтай, Буурал, Унгиагийн голуудын битүү шугуй, Дуурга, Овгор, Сэрүүн, Удган, Бөөрөлж, Бургалтай, Баянгол, Барсага, Горхин, Гачуурт, Овоонт, Буурал, Хушт, Хайрхан, Унгиа, Хонгио зэрэг том уул нуруудад нэрс, аньс, хад, үхрийн нүд, улаалзгана, гүзээлзгэнэ, долоогоно, мойл, самар зэрэг ой тайгын бүхий л төрлийн жимс арвинаар ургадаг билээ.
             Гадаргын болон гүний усны нөөц 
Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр дээгүүр Эг, Үүр гэсэн Монголын томоохон 2 гол урсан, Сэлэнгэ мөрөнд нийлж, улмаар ОХУ-ын Буриад Улсын нутаг дэвсгэрт орших Байгаль нуурт цутган, цэнгэг усаар тэжээх эх үүсвэр нь болдог байна.
Мөн Чичин, Удган, Сэрүүн, Урт, Улиад, Архан, Зад, Буурал, Асайт зэрэг 20 гаруй нарийн гол, Харгана, Өлөнт, Сөрт, Шивэрт зэрэг 60 гаруй горхи, Ганц мод, Улиадын хөх хад, Улаан хад, Наран, Цагаан чулуут зэрэг 90 орчим газрын булаг ус хүн ард, ургамал мод, мал амьтныг ундаалан урсаж байдаг байна.
Үүнээс гадна олонд тустай, эмчилгээний ач холбогдол бүхий Долоон булаг, Өтөгт, Шар шорооны зэрэг рашаан ус байдаг ба зуны улиралд буюу жилдээ 90-150 хүн очиж, биеэ сувилан, тэнхэрдэг байна.
Мөн Арханы нуур, Хирвэстэйн нуур, Эг давааны нуур зэрэг байгалийн үзэсгэлэнг цогцоор нь гайхуулсан, хүний хөл ховорхон хүрдэг гайхамшигт нуурууд ч 10 орчим бий.
Хүн амын төвлөрөл бүхий 4-р багийн нутаг дэвсгэр дээр 5 гүний худаг, малчдад зориулсан буюу бэлчээрийн менежментийг сайжруулах зорилгын хүрээнд баригдсан 18 гүний худаг байна.

 

 

2024-01-30 10:51:12