Танилцуулга
2024-01-29 00:00:00,   680

     Эрдэнэбулган сум нь 1931 онд байгуулагдсан. Энэ хугацаанд 1975 оны 5 дугаар сард сайд нарын зөвлөлийн 189-р тогтоолоор Эг-Үүрийн сангийн аж ахуйг Тариалангийн сангийн аж ахуйн 3-р тасаг болгон цомхотгож, Эрдэнэбулган сумыг татан буулгажээ.  БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1985 оны 06-р сарын 16-ны өдрийн 209-р тогтоолоор сангийн аж ахуй байгуулах тухай тогтоол гарсан. БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1985-11-05-ны өдрийн 240-р зарлигаар Эг-Үүрийн САА дахин байгуулагдаж Эрдэнэбулган нэрээрээ засаг захиргааны зохион байгуулалтад орсон. Тус сум нь Бөөрөлж, Чичин, Зэрлэг, Дуурга, Удган гэсэн таван багийн 3146 хүн амтай, 892 өрхтэй.  Малын  тоо толгой 102650, Адуу-10306, Үхэр-25513, Хонь-33706, Ямаа-33125. 

       Газар нутгийн 89.2 % ой модоор бүрхэгдсэн тайгын бүс нутаг. Хөвсгөл нуураас эх авдаг Эгийн гол нутгийн төв хэсгээр баруунаас зүүн тийш урсан өнгөрч Үүрийн голтой нийлж Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Эг үүрийн голын сав дагуу спорт загасчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 7 жуулчны баазтай. Байгалийн үзэсгэлэнт болон дурсгалт газрууд олонтой онгон дагшинаараа хадгалагдан үлдсэн цөөхөн хэдэн сумын нэг юм. (уул уурхайн хайгуул ашиглалтын лицензгүй)

   Харуулын Халхууд, Урианхай, Хотгойд Дархад ястан амьдардаг. Нийт иргэдийн дийлэнх нь мал аж ахуй, газар тариалан  аялал жуулчлалын салбаруудад хөдөлмөр эрхэлж өрхийн орлогоо бүрдүүлдэг. Мөн байгалийн дагалт баялаг болох хуш модны самар болон 17 төрлийн  зэрлэг жимс, жимсгэнэ түүнийг түүж борлуулдаг, боловсруулдаг иргэд, аж ахуйн нэгжтэй.

       Тус сумын орон нутгийн хамгаалалтанд авсан газар нутаг 1-р багийн нутагт “Сонгинохайрхан” уулын орчим 1709 га, 3-р багийн нутагт “Буурлын голын бэлчир” орчмын нутагт 9259 га, “Задын эх” 0,5 га, 1-р багийн нутаг “Бүргийн хад” орчмын газар 1086 га тус тус байна.

       Бүргийн хад, Сонгины хясаа, Хирвэстэйн нуур, Сэнжит хад, Эг-Үүрийн бэлчирийн Ишгэн толгой, Сандаг цахир, Дани толгой, Долоон булагийн рашаан зэрэг олон олон байгалийн үзэсгэлэнт, онгон дагшин газрууд байдаг. Даян дээрхийн хийд орчмын нутаг, Удганы хүрээний туурь, Арханы хүрээний туурь, 58 орчим тооны томоохон булш хиргэсүүрүүд соёлын биет өвд бүртгэгдсэн байна. Мөн 50 дугаар өргөргөөс хойшхи нутаг дэвсгэрийг аймгийн орон нутгийн хамгаалалтанд авсан нь манай сумын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувийг хамарч байгаа юм.

2024-01-29 00:00:00