Нутгийн үзэсгэлэнт газрууд
Даян дээрх агуйн тухай домог
Эрт урьд цагт эзэн Чингис хаан нь аян дайнд явж ирээд их найр хийж гэнэ. Тэр найранд их хөвчөөр нутагтай, Даян дээрх нэртэй баатар эр оролцож, эзэн хааны бага хатны үзэсгэлэнтэй сайхныг нь бишрэн харж байгаад, найр наадам хэвийх үед бага хатныг нь аван зугтжээ. Хаан наадам дээрээс бага хатныг нь аван зугатсаныг мэдээд араас нь хөөжээ. Ой хөвчөөр дамжин зугтаж, гүйцэгдэхийн үед хатныг нэгэн агуйд нууж, Даян дээрхи өөрөө эгэлгүй нэгэн шидтэн байсан тул агуйн үүдэнд улаан чулуу болон хувирчээ.
Чингис хаан гүйцэж очоод, уурандаа тэрхүү улаан чулууг цавчсан боловч сэлэмний ир нь хальтарч далиу цавчигдсан гэнэ.
Даян дээрхи олон жилийн туршид уг агуйдаа булаан авсан бүсгүйн хамт амьдарч, тэр хавийн уул, ус, нутаг орны эзэн болсон гэнэ. Ийм учраас тэр онгон дагшин нутагт амьдардаг бүхий л хүн мал элбэг дэлбэг, тэнүүн сайхан амьдарсаар ирсэн ба нутгийн иргэд дээрх чулуу, агуйг Даян дээрхийн нэрээр нэрлэж, тахин шүтсээр ирсэн гэдэг.
Даян дээрхийн авралд багтсан хэн бүхэн гурван жилдээ барцад, нүгэлээ гөвж, ивээлд нь орших уул, ус галав юүлсэн ч мөнхөд хэвээрээ үлдэх ерөөлтэй байдаг гэдэг.
Сандаг цахирын тухай
Зэрлэг багийн нутаг, Арханы адаг, Буурлын голын захад эгц ханан хадтай, содон хясаа бий.
Дээр үед Архан, Задаар нутагтай, олон нялх хүүхэдтэй Сандаг гэдэг анчин эр байжээ. Нэг удаа анчин эр Сандаг ан гөрөө хийхээр Долоон булаг орчимд явж байтал булгийн арын ууланд нэгэн согоо зогсож байхыг хараад бууджээ.
Мань эр хийсэн ангаа авахаар ууланд гаран очтол дөнгөж тугалж байсан согоог буудсан байв гэнэ. Сандаг анч ихэд харуусан, нүгэлт би их муу юм хийлээ гэж бодон туйлын их шаналсны эцэст, зогсож байсан өндөр хавцлаасаа үсэрч амиа хороосон гэдэг ба энэ цагаас уг газрыг “Сандаг цахир” хэмээн нэрийдэх болсон гэдэг.
Долоон булагын рашаан.
Эрдэнэбулган сумын нутаг туждаа сайхан хангай. Эндэхийн газар орныг уул усны баян бүрд гэж ойлгож болно. Битүү их хөвч хаяа хязгааргүй алсалсан энэ нутагт Хөвсгөл нуураас эх авсан Эгийн гол, өндөр уулын түргэн урсгалт Үүрийн гол гээд томоохон голууд олонтой, шавар намаг ч элбэг. Бууралын адаг руу Долоон булаг гэж бий.
Энэ рашаан нь дотор, бөөр нуруу гэх мэт бүх төрлийн өвчнийг анагаах чадлаараа нэрд гарсан рашаан юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ рашаанд Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Булган аймгийн Тэшигийн рашаанчид тогтмол очиж, элдэв хууч өвчнөө илааршуулж, алжаалаа тайлдаг юм.
Уг рашааныг дээр үед Пэлжидийн Хүрэл гуайн өндөр өвөг болох Халзан ажаа хэмээх Дагвуу гэдэг хүн нээж илрүүлсэн гэдэг түүхтэй.